IT инженерийн эрэлд гарсан уу?
Технологигүй салбар гэж байхаа больсон өнөө цагт та ганцаараа сайн инженер хайгаагүй. Дэлхий даяараа маш сайн инженерүүдийн эрэлд гараад эхэлсэн байна. Зөвхөн принтер холбож, сүлжээ хариуцаж, таны имэйлийг ийш тийш нь болгодог хүнээр IT инженерийг төсөөлж байгаа бол тун өрөөсгөл. Өнөө цагт дэлхий даяар энэ мэргэжлийн үнэ цэнэ улам ихэсч, тэдэнд амлах цалингийн хэмжээ талийж өглөө. Өнөөдөр тэд Олон улсын хэмжээнд үнэлэгдэж, хиймэл оюун ухаан, үүлэн технологийг судалж, аль ч байгууллагад дижитал шилжилтийг хийдэг болж байна. Тэгэхээр ажил олгогч таны өдөр тутмын үйл ажиллагаа, мэдээллийн аюулгүй байдал, уналт сэргэлт тань энэ мэргэжлийн хүнээс тодорхой хэмжээгээр хамаарах нь гарцаагүй.
Тэгвэл танд энэ мэргэжлийн хүнийг байгууллагадаа татах хэдэн арга энд байна.
- Ажлын уян хатан нөхцөлийг санал болгох
Үнэхээр авьяастай хүмүүс ажлын цагт баригдаж ажиллах дургүй байдаг. Хийх зүйлээ шөнө орой ч хамаагүй суугаад, бага хугацаанд их ажил амжуулж чаддаг. Гэрээсээ ажиллах боломжтой гэсэн ажлын зарууд энэ чиглэлийн ажил хайгчдын заруудад олон харагддаг болсон.
- Мэдлэгээ дээшлүүлэх боломжийг амлах
Мэдээлэл технологийн салбар өөрөө онцлогтой. Өдрөөр, цагаар хийж буй зүйл нь шинэчлэгдэж байдаг энэ салбарынхан байнга суралцаж байх ёстой. Ашиглаж буй программ, хэрэглэж буй машин нь жилээс жилд шинэчлэгддэг болохоор өөрөө сур гээд хаяхын оронд тогтмол сургалтад хамруулж байх нь тэднийг татах нэг арга болно.
- Гадаадад ажиллаж буй залуусыг тодорхой нөхцөлтэйгөөр Монголд авчрах
Тэдэнд эх орондоо сайхан амьдрахсан гэсэн бодол үргэлж байдаг. Сайхан ажил, ажиллах нөхцөл, орон байр амлаад буцаагаад авчирч, хамтран ажиллаж бас болно. Тэдний үзсэн мэдсэн зүйл, туршлагыг өөрийн компанидаа нэвтрүүлэхийг хүссэн удирдагч мөнгө зарахаасаа татгалзахгүй болов уу. Мэдлэг чадвар гэдэг бол юугаар ч үнэлэшгүй баялаг гэдгийг бусаддаа үлгэрлэж, үр хойчдоо хөрөнгө оруулах боломж юм.
- Мэдээлэл технологийн чиглэлээр сургалт явуулдаг байгууллагуудтай нягт хамтран ажиллах
Тэдэнд энэ салбарын хүмүүсийн мэдээлэл бий. Хэн ямар чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн, ямар чиглэлээр ажиллах сонирхолтой гээд олон талаар холбож өгөх боломжтой. Тэд мөн энэ талаар танд зөвлөгөө өгч, IT Engineer Outsourcing үйлчилгээ мөн үзүүлдэг. Манайд MSP буюу Managed Service Provider үйлчилгээ үзүүлдэг сайн компаниуд бий.
- IT чиглэлээр ажиллагсдын холбоо, сүлжээг ашиглах
Ажлын байраа орхиж буй хүн тухайн байгууллагын ачаар ямар нэг байдлаар бусад хүмүүстэй харилцаагаа зузаатгасан байдаг. Өмнөх ажил олгогчдоо дараагийн сайн ажилтныг санал болгох явдал хүртэл байдаг. Тийм болохоор ямар ч үед компаниа орхиж буй хүнд сөрөг сэтгэгдэл үлдээж болохгүй. Энэ чиглэлийн хүмүүсийн онцлог бол дуу цөөтэй, урдах ажлаа чимээгүй хэр нь амжилттай гүйцэтгэдэг. Тэгэхээр тэдний найз эсвэл хамт сургууль төгссөн хүмүүсээс сураглаж, ажилд авахад гэмгүй.
2020 онд хамгийн эрэлттэй байх ажлын байруудын жагсаалтыг энэ салбарынхан тэргүүлж байгаа учир ажил олгогч та ч гэсэн өөрийн итгэлт ажилтнаа олж, амжилттай ажиллахыг хүсье.