Dump цээжилж ороод шалгалтдаа тэнцдэг инженерүүд ажил олгогчийн асуудлыг шийдэж чадахгүй.
Инженер бол хамгийн сайхан мэргэжил. Аливаа асуудлыг шийдвэрлэж, шинэ шийдэл, технологийг хэрэгжүүлж, бүтээж байгаагийн цаана математикч, инженер хоёр л байдаг гэж үздэг. Интернэт орчин дахь бидний асуудлыг шийдэхэд чухал нөлөөтэй оролцож буй компани бол яах аргагүй CISCO л доо. Дэлхий дээр ихэнх томоохон байгууллагууд сүлжээний дэд бүтэцдээ энэ брэндийг ашиглаж асуудлаа шийдэж, сүлжээгээ сайжруулж, илүү үр бүтээмжтэй ажиллаж байна. CISCO-с гаргаж буй сургалтын хөтөлбөрүүдийн дагуу суралцаад мэдлэгтэй, ур чадвартай инженер болсон гэдгээ албан ёсны шалгалт өгч баталгаажуулснаар СISCO инженер болж байгаа юм.
МУИС-ийн ЭХИТэнхимийн ахлах багш, ХШУИС-ийн дэргэдэх CISCO Academy-ийн эрхлэгч, сургагч багш Ph.D Н.Угтахбаяр:
“Cisco инженер гэдэг нь аливаа байгууллагын сүлжээний дэд бүтэц, аюулгүй байдал болон бусад боломжит шаардлагыг CISCO брэндийн төхөөрөмжийн тусламжтайгаар инженерийн ур чадвар ашиглан шийдэх чадвартайгаас гадна мэдлэг, ур чадвартаа суурилан сертификат авсан хүн“Гэхдээ хэдий албан ёсны сертификат аваагүй ч CISCO брэндийн тоног төхөөрөмж ашиглан асуудлаа шийдвэрлэж чаддаг инженерүүд олон байдаг.
Яагаад албан ёсны сургалтад хамрагдаж сертификаттай байхыг шаарддаг вэ?
Үүний өмнө хүний нөөцийн асуудлыг ярих хэрэгтэй байх. Бат, Болд хоёр нэг ажлын байранд өрсөлдөж байгаа гэж үзье. Бат бол албан ёсны сертификаттай ч чадваргүй, Болд харин албан ёсны сертификатгүй ч Баттай харьцуулвал илүү ур чадвартай нэгэн байг гэж үзье. Тэгвэл хүний нөөцийн ажилтан анкетыг хараад Батыг илүү гэж үзнэ. Учир нь тэр хүмүүс анкетнаас тухайн хүний ур чадварыг яагаад ч тодорхойлж чадахгүй. Хэрвээ боломжтой байсан бол ажил олгогч Болдыг сонгох нь дамжиггүй. Гэсэн хэдий ч Бат сонгогдох тохиолдол амьдрал дээр илүү. Албан ёсны сертификаттай байснаараа Бат short list-д үлдэх боломжтой болж байгаа биз дээ. Ингээд бодохоор олон улсад хүлээн зөвшөөрөгддөг албан ёсны сертификат магадгүй дипломноос дутахгүй, зарим тохиолдолд илүү гардаг чухал бас шаардлагатай зүйл болж таарч байна.
Гэвч мэргэжлийн болон бусад ур чадвартай ч мэдлэг нь цэгцтэй биш эсвэл хэдий онолын мэдлэг өндөр ч инженерчлэх ур чадвар багатай хүн байвал миний дээр тодорхойлсон CISCO инженер гэдэгт хараахан хүрэхгүй нь л дээ. Угаасаа тийм хүн шалгалт өгөөд ч тэнцэхгүй. Цөөнгүй хүнд хичээл зааж, албан ёсны шалгалтандаа хэн нь тэнцэж хэн нь унаж байгааг мэддэг бас албан ёсны шалгалт өгөх үед хянагч багшаар зогсож байсан болохоор би үүнийг итгэлтэйгээр хэлж байна. Тэгэхээр албан ёсны сургалтад сууж, өөрт хэрэгтэй мэдлэгээ цэгцтэй олж авсны дараа ямар нэгэн заль хэрэглэлгүйгээр жинхэнэ CISCO инженер болох ёстой юм. Ингэснээр ажилд орж байгаа инженерт ч ажил олгогчид ч илүү хялбар байх болно.
Албан ёсны сургалтын хөтөлбөр, сайн сургагч багш хоёр ямар ч инженерт их тус болдог.
Хүн зарим зүйлийг мэддэггүй хэрнээ мэддэг юм шиг санагддаг тохиолдол их байдаг. Үүнийг албан ёсны сургалт л зүгшрүүлж өгнө гэж боддог.
Тэгэхээр хаана, юу сурч, яаж хэрэглэж сурснаар тэр сертификатыг авах вэ гэдэг маш чухал болж байна л даа. Хэрвээ надад а) сайн багш, муу хөтөлбөр b) сайн хөтөлбөр, муу багш хоёрыг эрэмбэлэх шаардлага гарвал би b тэгээд a гэж эрэмбэлнэ. Сургалт бол агуулгаараа, сургалтын төв чанараараа л ялгарах ёстой. Дэлхий дээр сайн хөтөлбөр, сайн багш гэж хаана ч байхгүй. Тийм тухайн тохиолдол байж магадгүй л юм. Энэ бол ёстой мундаг багш гээд очсон чиний сурах арга барилд заах арга барил нь таарахгүй бол тэгээд л худлаа болно ш дээ. Бүх хүний сурах арга барилд нь тааруулан заадаг, заалгасан бүхэн нь шалгалтандаа тэнцдэг нар байдаг юм шиг байна лээ. Тийм багшийг бол шүтэх хэрэгтэй. Би олон хүнээс номын дуу сонсож явахдаа амьдралдаа нэг ч тийм мундаг багштай таарч байсангүй.
Мэдлэг чухал уу, сертификат чухал уу?
МУИС-ийн дэд профессор Ч.Лодойравсал нэг ярилцлагадаа “Хөгжмийн дугуйланд явснаар хөгжимчин, техникийн дугуйланд явснаар инженер болох албагүй” гэж хэлсэн байдаг, би үүн дээр нэмээд “Инженерийн хувьд ихэнх тохиолдолд боломжгүй” гэж хэлмээр байна. Сертификатыг уулын оргил булаалдах тэмцээн гэж төсөөлье л дөө. Хүсвэл бид нисдэг тэргээр орой дээр нь бууж болно ш дээ. Энэ тохиолдолд хөдөлмөр биш мөнгө л байхад болох асуудал. Гэхдээ энэ бол тэмцээнд оролцож байгаа хүний хувьд бол тун увайгүй үйлдэл байх нь ойлгомжтой. Ямар ч хөлс гаргаагүй байж оргил дээр нь гарсан байдаг. Бүх хүч хөдөлмөрөө зориулаад хөл, гараа шалбалаад, унаж босоод дээр нь гараад ирсэн хүнтэй яг ижилхэн. Яг үүнтэй ижил загвараар албан ёсны сертификаттай олон “инженерэнцэрүүд “борооны дараах мөөг” шиг төрцгөөж байна. Ямар ч сертификатын шалгалтад “dump” гэж нэг нөхөр байдаг юм. Дунд сургуулийн ойлголтоор бол шалгалтандаа ангиа дааж гардаг “нөхөр” гэх үү дээ. Хүмүүс хэдхэн доллар төлөөд “dump” худалдаж аваад цээжилж ороод шалгалтдаа тэнцэж байна. Энэ нөхдүүд хэзээ ч ажил олгогчийн асуудлыг шийдэхгүй. T568A, T568B гэхээр амьдралдаа сонсож үзээгүй юм шиг гайхдаг CCNA инженерүүд байж л байдаг. Нэг ч удаа стандартын дагуу кабель хавчиж үзээгүй нөхдүүд л гэсэн үг. Эсвэл юу ч уншдаггүй байж мэдэх л юм. Ийм нөхдүүдийг авчихсан яахаа мэдэхгүй ажил олгогч зөндөө байна. Эдгээр “инженерэнцэрүүд” ихэнхдээ мэдлэггүй, ур чадваргүй ч багахан англи хэлтэй эсвэл техникийн багахан мэдлэгтэй нөхөр байдаг. Дэлхий дээр олон зуун магадгүй хэдэн арван мянган ийм нөхдүүд байж л байгаа. Харамсалтай нь сүүлийн цөөхөн жил Монголд ч бас энэ хачин, бусармаг, азгүй тогтолцоо их түгээмэл болоод байна. Яагаад азгүй гэдэг үгийг сонгож хэрэглэв гэхээр азтай байсан бол тийм азгүй замаар “инженерэнцэрүүд”-ийн тоог нэмэхгүй л дээ. Энэ нь нийгэмдээ асар хор хохиролтой зүйл байдаг. Ялангуяа манайх шиг цалин бага, зах зээл жижиг оронд. Яагаад гэхээр бүх инженер 325$ төлөөд CCNA болчихвол яах вэ? Сайн мууг нь ялгаж чадахаа байна биз дээ. Дараагийн шатны сертификатыг нэхнэ шүү дээ ажил олгогч. Нэг дундаж айл хүүхдээ дөрвөн жил төлбөрийг нь төлөөд их сургууль төгсгөсөн чинь CCNP биш бол ажил олдохгүй, тэгвэл дахиад 325$+900$ төлөөд суралцах уу? Тийм болохоор жинхэнэ чадвараараа сертификаттай болох нь бусаддаа гай болохгүй байх сайхан соёл, ёс зүйтэй үйлдэл юм. Нөгөө талаас бүгд чадварлаг учраас CCNA болсон үед ажил олгогч CCNP шаардахгүй, яагаад гэвэл авсан ажилчин нь асуудлыг шийдвэрлэх хэмжээний чадварлаг учраас.
Бас нэг хэсэг бүлэг нөхөд байдаг нь хар практикаар сурсан гэдэг хүмүүс. Тэр хүмүүсийн хувьд онол, практик хоёр нь зөрөөд бантан болно. Тэгээд амьдрал дээр онол зөрдөг гэж цээжээ дэлдэнэ. Тухайн салбарын суурь онолын түвшний мэдлэг маш чухал шүү. Онол, практик хоёр зөрнө гэж бол байхгүй. Ойлгоогүй онолоо практикт хэрэглэнэ л гэж байж магадгүй юм.
Дүгнээд хэлэхэд миний хувьд чадвараараа авсан сертификат чухал. Зүгээр л эрэмбэлэх тухайд бол би чадварыг урд нь оруулна.
Ажил олгогчдоос сүүлийн хэдэн жил нийтлэг шаарддаг, хүсдэг болсон зүйл бол soft skill (зөөлөн чадамж). Их сургуулийн дөрвөн жилийг үр бүтээлтэй өнгөрөөсөн, суурь хүмүүжил сайтай төгсөгчийн хувьд энэ нийгэмд “сүлжээний инженер” хийгээд явахад ямар нэгэн том асуудал байхгүй л гэж боддог. Нөгөө талд “инженерэнцэрүүд”-ийн зовлон их. Диплом эсвэл сертификат нэртэй цаастай болчихсон ч ажлаа мэдэхгүй байна гэдэг амаргүй. Дээр нь Монгол хүний нэрэлхүү зан нэмэгдхээр ч …
Сүлжээний инженерүүдийг ямар ирээдүй хүлээж байна вэ?
Намайг 2008 онд төгсөж байхад “Сүлжээний инженер”-ийн ажлын байр их байсан. Олон сайхан боломжууд дундаас сонгох боломжтой байсан үе л дээ. Үүнээс хойш энэ ажлын байранд мэдээлэл технологийн бусад чиглэлийн хүмүүс ажиллах нь ихэсч сүлжээний инженерүүд ч бусад чиглэлд ажиллах нь нэмэгдсэн. Сүүлийн жилүүдэд сүлжээ гэсэн энэ салбарт IoT, SDN гээд олон шинэ ойлголтууд гарч ирсээр байна. Энэ хэрээр олон талын мэдлэгтэй, програмчлах ур чадвартай өөрөөр хэлбэл “элдэвтэй” байхыг шаардаж байна. Нөгөө талаас сүлжээгүйгээр мэдээллийн технологи гэсэн энэ салбар огт төсөөлөгдөхгүй гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй. Энгийн жишээ л гэхэд Facebook байна. Гар утас, компьютер бусад хэрэгсэл чинь интернэтгүй бол бид хэрэглэж чадахгүй. Хэрэглэгчгүй бол тэр юу ч биш ч байж мэднэ. Ингээд бодохоор цаашид сүлжээний инженерүүдийн ажлын байр тасралтгүй өснө. Бас технологийн шинэчлэлтийг дагаад илүү олон талын ур чадвар шаардана гэж бодож байна.
“Сүлжээгүй програмчлал бол хөдөлгүүргүй Ferrari, сүлжээгүй төхөөрөмж бол Casio-ийн анхны загварын тооны машин”. Програмчлал сүлжээ, системтэйгээ нийлж байж ажилладаг гэдгийг ойлгоогүй програмистууд ч олон байх шиг санагддаг.
Харин сертификатын хувьд сайн инженер гэдгээ бусдад батлах боломж яах аргагүй мөн. Тиймээс ялангуяа их дээд төгсөж байгаа оюутнууд суралцах үедээ сертификаттай болох л хэрэгтэй.