ISACA CISM сертификат эзэмшигч Г.Бүдханд:Монголын мэдээлэл технологийн мэргэжилтэнгүүд практик мэдлэг маш сайн ч, түүнийгээ баталгаажуулах тал дээр анхаармаар санагддаг.
Эмпасофт Академиас төрсөн анхны ISACA CISM (Certified Information Security Manager) сертификатын эзэмшигч, ХАС Банкны Мэдээлэл технологийн Эрсдэлийн Удирдлагын Албаны менежер Г. Бүдхандтай хийсэн ярилцлагыг хүргэж байна.
CISM сертификаттай байхын давуу талыг та юу гэж харж байна вэ?
Мэдээллийн технологийн олон улсын маш олон сертификатууд байдаг ба түүн дотроос ISACA сертификатын онцлог, давуу тал нь шалгалт болон ажлын туршлагыг зэрэг шаарддагаараа онцлог байдаг. Мөн жил болгон энэ сертификатуудыг эрэмбэлж жагсаасан байдаг. Энэ жагсаалтанд ISACA-ын сертификатууд байнга дээгүүр байр эзэлдэг. Иймээс тодорхой хугацаанд энэ чиглэлээр ажиллаж, практикт олж авсан мэдлэгээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шалгалтыг өгч баталгаажуулах боломжийг олгодог гэж боддог.
Сургалтад суухад анхаарах зүйл юу байв?
Сургалтанд суухад заримдаа таны мэддэг, аль хэдийн сонссон юмыг зааж байгаа мэт санагдаж магадгүй. Гэвч албан ёсны сургалтанд сууснаар домайнуудын хоорондын уялдаа холбоо, харилцаа хамаарлыг илүү ойлгох боломжийг олгодог. Мэдээж сургалтанд суухад албан ёсны нэршлүүдийг тогтоох, сүүлийн үеийн технологийн талаарх мэдээллийг сургагч багшаас олж авах нь чухал санагдсан.
Шалгалт өгөхөд хэдий хэрийн хугацаа зарцуулсан бэ?
Нэгэнт цаг заваа зарцуулж байгаа учраас шалгалтанд өгөх хугацаагаа эхлээд нарийн тодорхойлох хэрэгтэй санагдсан. Түүндээ тааруулан бэлтгэлээ хийх хэрэгтэй. Миний хувьд хугацаагаа нэлээн тулгасан учраас шалгалтанд яг 1 сар сууж бэлдсэн.
Шалгалт өгөхөд юуг анхаарах хэрэгтэй вэ?
Дээр хэлсэнчлэн шалгалт өгөхөд хамгийн эхлээд хугацаагаа нарийн тодорхойлоод, шалгалтандаа хангалттай хугацаагаар бэлдэх хэрэгтэй санагдсан. Шалгалтын бэлтгэлийн хувьд мэдээж Review Book болон ISACA-аас гаргасан онлайн эсвэл хэвлэмэл асуулт хариулт, тайлбарын баазыг ашигласан. Эдгээр материалыг ашигласны давуу тал шалгалтын бүтэцтэйгээ танилцана, асуултын хариултууд бүгд зөв байх боловч, тэдгээрээс хэрхэн асуулт дах Key Word-ын дагуу хамгийн зөв хариултыг сонгох дадалтай болно. Мөн шалгалт англи хэл дээр учир нийтлэг ашигладаг үгнүүдтэйгээ танил болох давуу талтай. Ингэснээр асуултаа зөв ойлгох боломжтой болно. Миний хувьд асуултаа зөв ойлгох нь хамгийн чухал байсан. Гэхдээ жинхэнэ шалгалт дээр илүү таны практик мэдлэгийг шалгах асуултууд байх ба жишээлбэл сүүлийн үед өргөн хэрэглэгдэж байгаа үүлэн технологи, юмсын интернэттэй холбоотой нэлээн олон асуултууд байсан.
Эмпасофт Академийн талаар өөрийн сэтгэгдлээ хэлнэ үү.
Мэдээлэл технологийн мэргэжилтнүүдийн хувьд Эмпасофт гэдэг нэр үйлчилгээ, олон төрлийн бүтээгдэхүүнээрээ аль хэдийнээ танил болсон байгууллага. Хамгийн талархууштай нь зөвхөн гадаадад зохион байгуулагддаг мэргэжлийн сургалтуудыг Монголдоо зохион байгуулж, нутагшуулж, түүнийхээ үр шимийг үзэх шалгалтыг авдаг болсон нь бидний хувьд маш том боломж, хөрөнгө оруулалтыг хийж байна гэж боддог. Тухайлбал бараг л жилийн өмнө ISACA шалгалтыг өгөх гэж хамгийн ойрхон Бээжин явдаг байсан бол одоо Монгол багштай сургалтанд сууж, шалгалтаа өгөх боломжтой болжээ. Энэ дашрамд Эмпасофт Академийн нийт хамт олонд Монголын мэдээлэл технологийн мэргэжилтнүүдэд зориулан өөр олон төрлийн олон улсын сургалтуудыг зохион байгуулж, эх орондоо мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэх их үйлсэд нь амжилт хүсье!
Ирээдүйн зорилгоосоо хуваалцана уу.
Ойрын үеийн зорилго гэвэл ISACA-ын өөр нэг шалгалтыг өгөхөөр төлөвлөж байна. Мөн эрхэлсэн ажилдаа сурсан мэдсэн зүйлсээ ашиглах тал дээр илүү анхааран ажиллана.
Залуучуудад хандаж юу хэлэх вэ?
Монголын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд практик мэдлэг маш сайн ч, түүнийгээ баталгаажуулах тал дээр дутагдалтай санагддаг. Иймд эх орондоо олж авсан мэдлэгээ бататган олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шалгалтуудыг өгч “Дэлхийн жишигт хүрсэн мэргэжилтэн” болоорой гэж хүсэн ерөөе!
Г. Бүдханд
ХАС Банкны МТ Эрсдэлийн Удирдлагын Албаны менежер