Технологи өөрөө урлагийн бүтээл
Хүн зон нь түм түжигнэж бум бужигнасан зуны бүгчим халуун өдөр Бээжин хотын төвийн дүүрэгт сонин содон хийц хэлбэртэй барилгыг би зорьлоо. Beijing Parkview Green гэх энэ дэлгүүрийн гадуур зүгээр өнгөрөмгүй. Орчин үеийн урлагийн музей гэмээр. Гэвч миний зорилго дэлгүүр хэсэх бус Бээжин хот дох албан түнштэйгээ нүүр тулан уулзах явдал байсан тул урлагийн бүтээлээр нүдээ хужирлангаа намайг урьсан эрхэмийг хүлээн үүдэнд зогслоо. Урьд wechat, email-ээр харьцдаг байсан урт үстэй залууг би цахилгаан шатнаас бууж ирэхэд л хараад шууд таньлаа. Эгээ л удаан уулзаагүй найзтайгаа уулзаж байгаа мэт Майкл миний гарыг атгаад дээшээ албан өрөөнд нь орохыг урив.
Хонг Конгийн бизнес эрхлэгч Вангийн гэр бүлийн группын Бээжин хот дох томоохон төслийн нэг болох энэ урлагийн бүтээл болсон байшингийн 8 давхарыг тэр чигт нь Red Hat албан ёсны төв эзэлсэн байх. Аргагүй л олон улсын байгууллага учир үүднээсээ эхлээд хаяг зэрэг нь Англи хэлээр байх юм. Майкл музейн тайлбарлагч шиг хаалгаар оруутаа л бүх зүйлийг нэг нэгдгүй тайлбарлаж өгнө. Надад Хятад хэлээр ярих боломжийг өгөлгүй Англиар дуржигнуулсаар үүдний танхимыг өнгөрлөө. Хүлээлгийн өрөөнд хичээлийн цагаа хүлээж байгаа бололтой хэдэн залуус сууна. Цаашлаад сургалтын танхимаар ороод гарах завшаан надад олдов. Дунд эргэм насны багш залуу надтай бас Англиар ярина, Майкл хэлэхдээ энэ багш Хятаддаа цөөхөн байх Red Hat багшийн нэг, олон улсад хэдийнэ нэр хүндтэй болсон гэнэ. Хичээлийн бүх агуулга цаанаасаа баталснаар, дээр нь суралцагчид ихэвчлэн онлайн хэлбэрээр суралцах сонирхол их тул танхимын хичээлийг тун цөөн явуулдаг гэнэ. Хамгаалалт сайтай, дээр нь оюуны өмчийг хүндэтгэн үздэг тэр цаг ирэхэд бидэнд ч гэсэн ийм боломж байгаа даа гэсэн шүү юм бодон Майклыг даган цааш явлаа.
Энэ жил 25 жилийн ой нь тохиож байгаа Red Hat-ын бүтээгдэхүүнийг Монголд бас хэрэглэдэг. Монголыг хариуцан ажилладаг энэ салбарынхан Эмпасофт биднийг өөрсдийн Албан ёсны сургалт болон шалгалтын төвөөр сонгосонд бид бас баяртай байгаа. Анхны сургалтаа амжилттай зохион байгуулж, Монгол залуус эх хэлээрээ олон улсын боловсролыг эх орондоо эзэмших болсонд мөн бидэнд баярлаж байгаагаа хэллээ. Өнгөрсөн сургалтад анги дүүргэлт хэтэрч, дараагийн сургалтын товыг асуусан залуус олон байгаа зэргээс харахад Red Hat хүн ам цөөн гэлтгүй Монголыг бас нэгэн боломжит түнш орон гэж харж байгаа гэнэ. Сургалтын хувьд сурах орчноо сайн бэлдсэн бидэнд талархаад, ном сурах бичгээр таслалгүй хангаж байхаа бас давхар амлаад авав. Бүс нутаг хариуцсан захиралтай уулзсан уулзалт дуусахад Майкл намайг дагуулан дараагийн хэсэг рүү явлаа. Энэ өдрүүдэд бүх Хятадад байх Red Hat брэндийнхний уулзалт өдөрлөг болж байсан тул оффисоор дүүрэн зочид. Шанхай, Гуанжөү, Хөх хот зэрэг томоохон хотуудаас ирсэн тэдний хүмүүс бүгд л надтай маш сайн англи хэлээр ярих нь аргагүй л олон улсын компани гэдэг нь харагдана.
Урлаг шиг барилга дотор байгаагийн давуу тал гэсэн шиг тэдний оффис мөн урлагийн бүтээлээс дутахгүй. 300 гаран ажилчид нь борлуулалт, маркетинг, сургалт гэх зэрэг үйл ажиллагаануудаа хариуцан Хятадыг технологийн хувьд дэлхийд тэргүүлэх улс болгохын төлөө ажиллаж байна.
Сургалт гэлтгүй Red Hat-тай хамтран ажиллах бүхий л боломжийн тухай ярилцсан хэдэн цагийн уулзалт маш хурдан өнгөрч Майкл намайг үдэж өгөхөөр доош буулаа. Монголд зочлон ирж, энэ салбарыг сонирхон судалдаг инженер, мэргэжилтэнгүүдтэй санал бодлоо солилцох боломж Майклд тун удахгүй ирнэ. Эмпасофт бид Дэлхийн хэмжээний боловсролыг Монголдоо авчрахын төлөө хичээн ажиллах болно. Энд бас дурдахгүй өнгөрч боломжгүй нэг зүйл байна. Монголын мэдээллийн технологийн хөгжил дэлхийн хаана ч хүлээн зөвшөөрөгддөг болсон юм байна, Монгол залуусын ур чадвар бусадтай харьцуулахад харьцангуй өндөр болжээ гэдгийг энэ олон хүнтэй уулзахдаа би маш сайн ойлгосон билээ. Технологийг оновчтой, зөв, хүртээмжтэй хэрэглэнэ, хэрэгжүүлнэ гэдэг өөрөө хүнээс ур чадвар шаарддаг, үүнийг улс орны хэмжээнд ажил болгоход мэдрэмж, мэдлэг ихээхэн шаарддаг. Урлагийн сайхан бүтээлд гар татдаггүй шигээ, өдрөөр биш цагаар хөгжиж байгаа технологид хөрөнгө оруулалт хийж, үр хойчоо дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхах боломжийг олгож, ойлгоосой гэж хүснэм.
Урлагийн бүтээл болсон барилга, Red Hat-ийнхантайгаа удахгүй дахин уулзахын ерөөл тавин эх орны зүг хөдөлсөн юм.
Бээжин хот,
2018 оны 06 сарын 23
Эмпасофт ХХК, Маркетингийн менежер Н.Энхсайхан