Тэднийг яагаад сургах хэрэгтэй вэ?
Ажил амьдралаа өөрчлөхөөр шийдсэн найз маань өөрийгөө хөгжүүлж сургалтад суухар болсноо хэлж байна. Хэдэн сая төгрөгний үнэтэй хувь хүний хөгжлийн сургалт гэнэ. Юу сурах вэ гэхэд өөрийгөө илэрхийлж ярих, илтгэх урлаг, үүлэн технологи гээд хөгжих бололтой. Гэтэл нэг байгууллагад арван хэдэн жил ажиллаад гарах шийдвэр гаргахдаа өөрийгөө хөгжүүлэх сургалтыг хайж эхэлжээ.
Тэгвэл байгууллагад ажилтнаа сургах, мэргэжил дээшлүүлэх, чадавхижуулах сургалт хэрэгтэй юу гэвэл ус агаар мэт хэрэгтэй. Харин хэзээ, хэнийг, хэрхэн гэдэг нь бас асуулт. Угаас Их дээд сургуульд сураад, зэрэг хамгаалаад ирсэн хүмүүсийг дахин дахин сургаж хөрөнгө мөнгө үрэх шаардлага байна уу гэж олон удирдлага асуудаг.
Тайвань улсаас ажлын санал надад хэд хэдэн удаа ирж байлаа. Үндсэн цалингаас гадна элдэв төрлийн даатгал, амралт, цалингийн нэмэгдэл зэрэг залуу боловсон хүчинг татах олон аргаас гадна хамгийн гол амлалт нь жил бүр сургалтад хамруулах гэдэг тэр хэсэг ихээ таалагдаж байсан. Мэдээж олон улсын багт ороод ажиллахад мэдэхгүй чадахгүй зүйл байх ч би энэ байгууллагыг сонгоод өөрөө ч бас хөгжиж сурах боломжтой юм байна гэсэн сэтгэл надад төрж байсан.
Сургалт гэдэг бол ажиллангаа өөрийгөө хөгжүүлэх боломж. Гэвч ихэнх ажилчид өөрсдөө санаачилсан тохиолдолд энэ боломжийг гадуур өндөр үнээр олж авдаг. Дээр нь ажлын цагаасаа илүү гарч чадахгүй зарим нь чөлөө авч сургалтад хамрагдах нь олон. Тэгвэл зохион байгуулалттайгаар ажилтай холбоотой сургалтыг компанидаа зохион байгуулах нь ажилтанд ч компанид ч хэрэгтэй.
Хэнийг ямар сургалтад хамруулах вэ?
Чаддаг зүйл байхад чадахгүй зүйл олон гарна. Тэр бүрийг яриад явахгүй ч үйл ажиллагаа дүгнэх үед, оролцооны үед энэ байдлаа нуухын тулд хойш суух, эсвэл чаддаг нэгэндээ даатган ажлын ачааллыг нэмэгдүүлэх тохиолдол их. Салбар нэгжээр нь, ажил үүргийн байдлаараа ижил түвшинд байвал үл ойлголцол гарахаас сэргийлэхээс гадна ажлын бүтээмж нэмэгдэх нь гарцаагүй. Ингэхийн тулд ажилчдын хамгийн ихээр сурахыг хүсч байгаа зүйлийг тодорхойлох явдал юм. Ихэнхдээ шинээр нэвтрүүлсэн программ, технологитой холбоотой сул талууд харагддаг. Өдөр тутмын хэрэглээний программыг үр дүнтэй хэрэглэж чадахгүйгээсээ болж нэг үйлдлээ олон давтах, буруу мэдээлэл илгээх, түгээх, алив шинэчлэлээс зугатах, хойш суух зэрэг сөрөг үзэгдэл байнга гарна. Энэ нь олон удаа давтагдаад ирвэл ажилтан өөртөө итгэлгүй болж, илүү амар хялбар ажлыг хайж, ажилдаа ч мөн идэвхигүй хандах болно.
Ажилчдынхаа ажил үүргийн сул талыг мэдрээгүйгээс болж хэрээс хэтэрсэн их үүрэг даалгавар өгөх, дутуу үнэлэх зэрэг дутагдал гарахыг үгүйсгэхгүй. Хүн бүрийн хэрэгцээг хангахуйц техник хэрэгслээр хангаж өгөөд ч тэдний технологийн мэдлэгийг ижил түвшинд аваачих амаргүй.
Зарим газар ороход цаанаа л уур амьсгал сайхан, хүмүүсийн хошигнол хүртэл гэм хоргүй, ажилчид нь асуудлаа хаана ярьж, хаана инээж хөхрөхөө хүртэл мэддэг байдаг бол зарим байгууллага эсрэгээрээ. Үүнийг бид компанийн соёл гэж нэрлэх боловч энэ өргөн ойлголтын цаана таны удирдах ур чадварыг харуулаад байгаа нь л тэр.
Тэд танайхаас хэдэн төгрөгний цалин авдаг вэ гэдгээсээ илүүтэйгээр ажлын байран дах сэтгэл зүйн байдал, сурах хөгжих боломж, эрүүл ухаалаг яриатай хамт олноо л хамгийн түрүүнд дурсана. Ажилчдаа сургана гэдэг тухайн ажилтан танай байгууллагад ямар хэрэгтэй хүн болохыг харуулж, өөртөө итгэх итгэл, ажил үүргээ хариуцлагатайгаар гүйцэтгэх тэр ухамсрыг олгох бас нэг арга.
Өндөр үнэтэй программ төхөөрөмж худалдаж авсан бол түүнийг хэрэглээ болгох сургалтыг зохион байгуулалттайгаар хийж, ажилчдаа сургах нь үе үе хийдэг амралт зугаалга, спорт арга хэмжээний л нэгэн адил ажилтанд хэрэгтэй зүйл. Эс бөгөөс таны олгосон комьпютер, интернэтийг ашиглан дараагийн ажлын байраа хайх болно.