Б. Биндэръяа: Багш маань CISA шалгалтанд хэрхэн бэлдэх, шалгалт өгөхөд юуг анхаарах талаар маш сайн зөвлөгөө өгсөн.
Манай сургалтын төвийн төгсөгч Б. Биндэръяа шалгалтаа амжилттай өгч Эмпасофтоос төрсөн анхны CISA сертификатын эзэн боллоо. Уг шалгалтад бэлдэж байгаа аудиторууддаа зориулж авч өөрийн туршлагаасаа хуваалцаж байна.
1. Яагаад Эмпасофтыг сонгов?
– Миний хувьд CISA хичээлийн ном, сургалтын материал, шалгалт нь англи хэлээр байсан ч гэсэн богино хугацаанд, сайн ойлголт авах нь чухал байсан тул Монгол багшаар хичээл заалгах нь Эмпасофтыг сонгох хамгийн эхний шалтгаан байлаа. Хичээлийн материал нь ISACA-с албан ёсоор бэлтгэгдсэн байсан тул хичээлийн сэдэв орхигдох, ямар нэг дутуу ойлголт авах асуудал гараагүй. Сургалтын төв дээрээ шалгалтанд бэлтгэх, ISACA-с боловсруулсан шалгалтанд бэлтгэх асуулт, хариулт, тайлбарын мэдээллийн санг үнэгүй ашиглах зэрэг сургалт дууссаны дараах боломжууд нь маш том давуу тал болсон. Энэ дашрамд шалгалтанд бэлтгэх бүхий л боломжоор тусалж дэмжсэн Эмпасофтын хамт олонд талархал илэрхийлмээр байна.
2. Монгол багшийн давуу тал юу байв?
– Өмнө нь мэдээллийн технологийн аудиторуудын мэргэжлийн зөвлөлийн уулзалтанд Л.Баасандорж багшийг урьж CISA сургалтын талаар сургалт, мэдээлэл авч байсан тул аливаа зүйлийг цэгцтэй, ойлгомжтой, энгийн байдлаар заадгийг нь тодорхой хэмжээнд мэддэг байсан. Дэлхийн 4 том аудитын компанийн нэг болох PwC Advisory-ийн туслах менежер тул сургалтыг зөвхөн онол талаас нь биш манай орчинд хэрхэн ашиглагддаг, ямар тохиолдлууд байж болох талаар илүү дэлгэрүүлж заасан тул сургалтаар олж авсан мэдлэг илүү үлдэц сайтай байсан болов уу. Мөн CISA шалгалтанд хэрхэн бэлдэх, шалгалт өгөхөд анхаарах асуудлуудын талаар маш сайн зөвлөгөө өгч чадсан гэж бодож байна.
3. ISACA CISA шалгалтад бэлдэхэд юуг анхаарвал зохих вэ?
– CISA шалгалтыг амжилттай өгсөн хүмүүсийн зөвлөгөөг интернэтээс уншиж байхад ISACA-ийн боловсруулсан CISA Review Manual, шалгалтын асуулт, хариулт, тайлбарын мэдээллийн санг ашиглаж шалгалтанд бэлдэх нь хамгийн үр дүнтэй гэсэн байсан. Тус мэдээллийн сан дахь асуултууд шалгалтанд ирдэггүй боловч сургалтаар олж авсан мэдлэгээ баталгаажуулах, шалгалт өгөхөд анхаарах асуудлууд, онцлог шинж чанаруудыг анзаарах, шалгалт өгөх дадал, туршлага суухад маш хэрэгтэй байсан. Сургалтын төвөөс нийт 1000 гаруй асуулт бүхий мэдээллийн санг үнэгүй ашиглах боломжоор хангасан тул тус систем дэх асуулт, хариултын тайлбаруудаас тус асуудлын талаар маш сайн ойлголт авч байсан.
Шалгалт авах систем нь эргэлзээтэй санагдсан асуултуудаа тэмдэглэх боломжтой, дараа нь тэмдэглэсэн асуултуудаа эргэж харахад хялбар байсан тул үүнийг ашиглах нь цаг алдахгүй байх давуу талтай байв. Нэг асуултад хэдий хугацаанд хариулахаа тооцоолж, удаан бодох шаардлагатай эргэлзээтэй санагдсан үедээ тэмдэглэгээ хийж, дараа нь эргэж харахад зөв хариултыг сонгоход илүү хялбар, дөхөм санагдаж байсан. Цагаа зөв тооцоолж чадсанаар эргэлзээтэй асуултуудаа эргэж харах цаг гарахаас гадна өмнө бөглөсөн хариултуудаа ч дахин шалгах хангалттай цаг гаргаж чадсан.