2020 он гэхэд байгууллагууд хэрхэн өөрчлөгдөх вэ?
Аливаа байгууллагын өсөлт хөгжил, үйл ажиллагааны тогтвортой байдал нь сайн ажиллах хүчин, ажилчдын бүтээмж гэж ихэнх тохиолдолд хэлдэг ч компанийн удирдлага түүний ур чадвараас байгууллагын цаашдын ирээдүй бүрэн хамаарч байдаг. Нэг үгээр хэлбэл 5, 10, 20 жилийн цаадахыг харах чадвартай мэдрэмж, мэдлэгтэй байх хэрэгтэй болдог. Apple компанийн үүсгэн байгуулагч Стив Жобс гар утасны загварт эрс өөрчлөлт хийн товчлууртай утас хэрэглээнээс гарч том дэлгэцтэй, мэдрэгчтэй утас хэрэглээнд нэвтрүүлэхэд Nokia компанийнхан шоолж байсан гэдэг. Тэдний хувьд өөрчлөлт шинэчлэлт гэдэгт зөвхөн ярианы сүлжээний системийн сайжруулалт дээр төвлөрч байснаараа зах зээл дэх тэргүүлэгч байр сууриа алдсан бол Стив Жобс зөв харж, өөрчлөлт хийж чадсанаараа Apple компанийг энэхүү хэмжээнд хүргэх үндэс суурийг тавьсан.
Иймд өөрчлөлт шинэчлэлт сонголт биш заавал хийх зүйл болсон (Төгс өрсөлдөөнт зах зээл + Мэдээлэл технологийн хурдацтай хөгжил) нийгэмд бид байгууллагын дотоод үйл ажиллагааг микро, макро аль ч түвшинд менежментийн шинэ шийдлийг нэвтрүүлэх хэрэгтэй болох болно. Үүнд хамгийн том нөлөө үзүүлэгч хүчин зүйл бол дижитал технологи, түүний хувьсал, шинэчлэл юм. Тэгвэл 2020 онд гэхэд танай байгууллагын дотоод менежмент хэрхэн өөрчлөгдөх бол?
ТОМ ОФФИСУУД ХАЛАГДАНА
Ихэнх байгууллага ямар ч оффисгүй, эсвэл маш жижиг оффистой болно. Тэд орчин үеийн технологийн хөгжлийг ашиглан хүссэн газраасаа ажлаа амжуулж чадах юм. Гэрээсээ, өөрийнхөө дуртай фитнесээс, кофе шопоос гэх мэт. Учир нь өнөөдрийн технологийн шийдлийг энэ нөхцөл байдлыг боломжтой болгочихоод байгаа юм. Иймд заавал том үнэтэй оффист суун, хэрэглээ, ахуйн зардал гаргах шаардлагагүй болж хүмүүс хүссэн газраасаа ажлаа хийхийг илүүд үздэг болно.
ДИЖИТАЛ ШИЙДЭЛ СОНГОЛТ БИШ ЗААВАЛ ХЭРЭГЛЭХ ЗҮЙЛ БОЛНО
Алдаа гаргадаггүй хүн гэж байдаггүй. Заримдаа хүний санамсаргүй гаргасан алдаанаас болж байгууллага багагүй хохиролд унах тохиолдол гардаг. Харин дижитал техник, технологи зөв программ, зохион байгуулалт, тохиргоо хийсэн үед үүнд санаа зовох зүйлгүй. Иймээс нэг л өдөр бид хүссэн хүсээгүй хүний дижитал шийдлүүд сонголт биш заавал хэрэглээний нэг болох нь зайлшгүй.
Харин танай байгууллага дижитал өөрчлөлтөд та бэлэн үү? Үүнийг мэдэрч харж чадсан зарим байгууллагууд аль хэдийн дотооддоо энэхүү өөрчлөлт рүү хөдлөөд эхэлчихсэн байна. Ялангуяа хүний механик үйл ажиллагааг хялбарчлах болон мэдээллийн аюулгүй байдлын (DEVICE LOCK) дижитал шийдлийг ашиглах болсон. Мөн үүнийг дагаад 2020 он гэхэд зарим ажлын байрууд алба болж компьютер, роутер, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хянах, эвдэрсний дараа биш өмнө нь оношилж хэвийн байдлыг хангах үүлэн тооцоолол суурилсан MANAGED SERVICE PROVIDER шиг системүүдийг ашигладаг болно.
ГАР ТООЦООЛОЛ ХАЛАГДАНА
Ямар нэгэн гар тооцоолол байхгүй болно. Эдгээр ажлуудыг тухайн компаний ашигладаг программууд хийнэ. Тиймээс дотоод системээ зөв бүрдүүлсэн байгууллагын тайлан 5 хан секундын дотор гарах боломжтой болох юм.
БҮГД ҮҮЛЭН ТООЦООЛОЛД СУУРИЛНА
Cloud (үүлэн) тооцоолол гэдэг нь сүлжээнд холбогдсон програм хангамж ба виртуал хэлбэрт шилжсэн техник тоног төхөөрөмж, тэдгээрийг уян хатан удирдан зохицуулах програм хангамж болон үйлчилгээний цогц байдлыг хэлнэ.
Энэхүү тооцоолол нь хэрэглэгчдэд нөөц (техник хангамж, програм хангамж, сүлжээ, хадгалах байр сав гэх мэт) болон үйлчилгээг алсаас хэрэгцээндээ тохируулан ашиглах, ашигласан хэмжээгээрээ төлбөр төлөх боломжийг олгох юм. Өөрөөр хэлбэл хэрэглэгч бүх хэрэгцээт програм хангамж, өгөгдөл болон мэдээллээ интернет дэх сервер дээр байрлуулж хэрэглэнэ. Ингэснээр мэдээллийн аюулгүй байдал, найдвартай байдал, арчилгаа тордлогоо зэргийг сервер ажиллуулж байгаа компани хариуцан хийдэг болно. Ингэснээр мэдээдэл технологийн бус аж ахуйн нэгжүүд компьютер тоног төхөөрөмж, програм хангамжийн тохируулгын асуудал дээр мэргэжлийн хүний туслалцаа дэмжлэг авах хэрэггүй болж харин үүнийг мэргэжлийн байгууллага алсаас удирдан, хэрэглээний бэлэн байдалд байлгадаг болно. Энэ нь байгууллагын дотоод үйл ажиллагааг илүү хялбар бөгөөд аюулгүй болгож байгаа. Тэгэхээр 2020 он гэхэд байгууллага бүр үүлэн тооцооллыг ашигладаг болсон байна.
MOBILE
Хүмүүс компьютер гар, утсаа ашиглаад л ихэнх ажлаа амжуулна. Өдөр ирэх бүр хүмүүсийн хэрэглээ суурин байдлаас MOBILE байдал руу шилжих болсон нь 2020 он гэхэд байгууллагын ихэнх ажлын систем, программыг гар утасныхаа тусламжтай удирдан, хянах боломжтой болно. Энэ байдал нь өргөжсөөр 2020 он гэхэд илүү өргөн сүлжээнд интернет ашиглаж танд зөвхөн интернет сүлжээнд холбогдох төхөөрөмж л байхад хангалттай болох юм. Үүнийг даган мэдээж мэдээллийн аюулгүй байдал, нууцлал маш өндөр түвшинд яригдах бөгөөд дээр дурдсанчлан технологийн арга хэрэгслийг ашигласнаас бид илүү аюулгүй орчинд үйл ажиллагаагаа явуулах боломжтой.
МЕХАНИК ҮЙЛДЭЛ БҮРЭН ХАЛАГДСАН ТАЙЛАН, ТООЦООНЫ ШИЙДЛҮҮД
Цахим банк, татварын систем, тайлан гээд дижитал тооцооллын систем рүү бага багаар шилжиж байна. Бага багаар гэдэг нь одоо хүртэл цаасан тайлан тооцоо байгаа гэсэн үг юм. Энэ нь нэг ёсондоо бид удаан шилжиж буйг илэрхийлж байна. Гэхдээ цаашдаа бүрэн дижитал хэлбэрт шилжих болно. Өөрөөр хэлбэл ямар ч цаасгүй байхгүй болно.
ХУРАЛ, УУЛЗАЛТУУД ОНЛАЙН ОРЧИНД ЯВАГДАНА
Хурал, уулзалт гэхээр ширээ тойрсон хүмүүсээр төсөөлөгддөг байсан цаг халагдаж дэлхийн хаана ч ямар ч нөхцөл байдлаас хурал цуглаанд оролцох боломжтой болно.
ХОЛБООТОЙ: Удирдлагуудын заавал мэдэж байх ёстой 5 зүйл